Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн (2026.10.08) хуралдаан 10.49 цагт Улсын Их Хурлын 15 гишүүн хүрэлцэн ирснээр 51.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар даргалав.
Тус хуралдааны үеэр “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх бололцоо бий эсэхийг гишүүд асууж байлаа.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн холбогдох журамд зөвхөн нэгдүгээр курсийн “А” үнэлгээтэй оюутныг элсүүлэхээр заасны дагуу анх 500 оюутан элсүүлж байсан ч өнөөдөр хамрагдах хүрээг өргөжүүлж 1-3 дугаар курсийн “А” үнэлгээтэй оюутнуудыг элсүүлдэг болсноор 2000 элсэгч авч байгаа гэдгийг салбарын яамнаас мэдээллээ.
Хөтөлбөрт хамрагдах тоог орон байраар хангах боломжийнхоо хүрээнд тогтоодог аж.